Би их сургуулиа төгссөн цагаасаа хойш л Өмнөговь аймагтаа ажиллаж, амьдарч байна. Миний мэргэжил сонголт, их сургуулийн амьдрал их адал явдалтай. Би 2003 онд ШУТИС-д ойн инженер мэргэжил эзэмшихээр элсэж байлаа.
Тухайн үед уул уурхай ч ид хөгжиж, ихэнх оюутнууд геологич болох хүсэлтэй байсан. Би ч тэдний л адил мөрөөдөлтэй байлаа. Тийм мөрөөдөлтэй байсан би ойн инженерээр суралцаад төгсчихсөн, одоо мэргэжлээрээ 12 дахь жилдээ ажиллаж байна.
Шалтгаан нь их энгийн, ердөө миний шалгалтын оноо хүрээгүй учраас ойн инженер ангийг сонгочихсон юм. Тухайн үед тийм “од” мэргэжил биш байсан ч өөр сонголт надад байгаагүй.
Дээр нь төрийн албан хаагчийн хүүхэд гээд их сургуульд үнэгүй сурах эрхтэй болсон тул тэр боломжийг алдахыг хүсээгүй. Магадгүй би арай боломжтой байсан бол сургуулиа хаяад өөр мэргэжлээр суралцах байсныг үгүйсгэхгүй.
Боломж олдсон дээр сургуулиа хаячихгүй юм шүү гэсэн бодол тээсээр их сургуулийн дөрвөн жилээ өнгөрүүлжээ. Энэ хугацаанд мэргэжлийнхээ үнэ цэн, утга учрыг ч бүрэн олж хараагүй, үл ойшоодог байлаа. Говийн хүүхэд байж ой судална гэхээр их инээдтэй санагддаг байж билээ. Тэр байтугай төгсөөд нягтлан бодогч мэргэжлээр давхар сурна гэсэн бодол ч үе үехэн орж ирдэг байсан.
Тэгээд төгссөн хойноо л миний эзэмшсэн мэргэжил ямар хэрэгцээтэй, чухал мэргэжил вэ гэдгийг ойлгосон юм. Сургуулиа төгссөний дараахан Өмнөговь аймагт “Ногоон хэрэм” төсөл хэрэгжиж байсан бөгөөд ажиллах боломж бүрдсэн нь аз болсон.
Ингээд гурван жилийн хугацаанд уг төсөл дээр ажиллахдаа ямар азаар би ойн инженер хэмээх мэргэжлийг сонгосон юм бэ л гэж бодсон. Энэ ажлаасаа суралцаж авсан зүйлс надад зөндөө бий. “Говийн хүүхэд байж ой судална гэдэг утгагүй” гэх бодол шууд л арилсан. Говьд ч гэсэн ой байдаг. Жишээлбэл говийн заган ой нийт ойн сангийн зургаан хувийг эзэлдэг.
Ингээд 2011 онд би одоогийн ажлын байр болох мод үржүүлэг, нөхөн сэргээлт хариуцсан зөвлөхөөр “Оюу толгой” компанийн Байгаль орчны хэлтэст орж байлаа.
Онол талын мэдлэгээ их сургуулиас олж авч, төсөл дээр ажилласан гурван жилийн хугацаанд практикийн хувьд маш их зүйл сурсан. Одоо ч шинэ зүйлсэд суралцсаар байна.
Тухайлбал төслийн хүрээнд говьд ургадаг модыг л судалж байсан бол одоогийн ажлаараа бүх л төрлийн ургамал, нөхөн сэргээлтийн чиглэлээр суралцаж, туршлагатай болж байна.
Одоо бол би мэргэжилдээ үнэхээр хайртай. Мэргэжлийн онцлогоор хөдөө хээр явах тохиолдол их гарна. Ажилдаа дургүй хүн бол төвөгшөөж хүлээж авах байх. Харин би ажилдаа дуртай учраас хээр явахдаа ч догдлол дүүрэн явдаг.
Залуучуудыг ч ойн чиглэлээр суралцаасай гэж боддог. Заавал ой гэлтгүй биологичоор суралцаад төгсөхөд л хөрвөөд ажиллах боломжтой. Ер нь ямар ч мэргэжлээр суралцсан, тэр мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдэрчихвэл амьдрал утга учиртай болдог юм шиг санагддаг.
Саяхан намайг компаниас маань Австрали улс руу хоёр жил тутам зохион байгуулагддаг олон улсын биологич, экологичдын эрдэм шинжилгээний хуралд оролцоод ирэх боломж олгосон. Тэр хурлаас манай улсад энэ мэргэжил ямар чухал, хэрэгтэй мэргэжил гэдгийг би ойлгож авсан. Бас дэлхийн хэмжээнд бид хаана, ямар түвшинд байгаагаа илүү мэдэрсэн.
Охин маань энэ жил ахлах сургуулиа төгсөж байгаа юм. Би өөрөө мэргэжлээ сонирхож, дурлаж суралцаж чадаагүй болохоор охиноо энэ чиглэлд сураад үзээч гэж үе үе ятгадаг. Гэхдээ эцсийн сонголтыг охин маань өөрөө л хийнэ.
Би их сониуч зантай хүн л дээ. Аливаа юмны мөн чанар, учир шалтгааныг сонирхож, судлах дуртай. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл мэргэжилдээ дурлан ажиллаж байгаа байх.
Тухайн ургамал ямар нөхцөлд, хэр хэмжээгээр услахад илүү өндөр ургаад байна гэдэг шалтгаан үнэхээр сонирхолтой байдаг.
Нөхөр маань багаасаа эмээгийндээ мал хариулж өссөн болохоор бараг надаас илүү. Ямар нөхцөлд ургамал илүү ургадаг, ямар ургамлыг мал иддэггүй талаар их мэдлэгтэй. Товчхондоо бид хоёрын сонирхол нэг. Тийм болохоор нэг нэгнийхээ ажил мэргэжлийг ч хүндэтгэж үздэг.
Арай залуу байхдаа ажил, ажил гэж их гүйдэг байлаа. Одоо бол болж л өгвөл гэр бүлдээ цаг зав гаргахыг илүү эрхэмлэж байна.
Үр хүүхдүүдийнхээ боловсролд анхаарч, хөрөнгө оруулахыг зорьж байгаа. Энэ нь ч миний үүрэг. Ажлаа аз жаргалтай хийнэ гэдэг амьдралд маш чухал зүйл гэж боддог.
Одоогийн энэ ажил, мэргэжилдээ хайртай, дурлаж хийж байгаагаа харахаар тухайн үед сургуулиа гүрийгээд төгссөн нь үнэхээр хувь тавилан л гэж боддог доо.