Алиша Нофлок эмнэг морь хөлөглөн Монголын тал нутгаар 84 хоногийн хугацаанд 3640 км зайд буюу дэлхийн хамгийн урт өртөөчилсөн морин аялалд оролцов. АНУ, Канад, Австрали, Их Британи, Нидерланд улсын 19 аялагч “Хөх чонын сүлд-2022” морин аяллаа Монголын говиос эхлүүлж 3640 км замыг 84 хоногт мориор туулан Алтай Таван богд ууланд хүрсэн юм. Алиша тус аяллын багийн гишүүн байсан юм. Түүнтэй “Хөх чонын сүлд-2022” морин аяллын талаар ярилцлаа.
-Монгол орноор 84 хоногийн хугацаанд морин аялал хийлээ. Аялах шийдвэрээ анх хэрхэн гаргасан бэ?
-Би Монгол Улсад анх удаа ирлээ. Сэтгэгдэл маш өндөр байна. Монгол орноор морин аялал хийх юм сан гэсэн мөрөөдөл сэтгэлийн гүнд минь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хадаатай явсан. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд “Mongol Derby” /Дэлхийн хамгийн урт морин уралдаан/ эсвэл “Gobi Gallop” морин аялалд оролцох талаар хүртэл бодож байсан. Азтай тохиолдлоор “Хөх чонын сүлд-2022” морин аяллын талаарх мэдээллийг цахимаас олж мэдээд тэдэнтэй нэгдсэн юм. Энэ аялал Монгол орныг бүрэн утгаар нь мэдрэх хамгийн гоё боломж гэдгийг мэдэрч, сайхан боломжийг алдаагүйдээ одоог хүртэл баяртай байна.
-“Хөх чонын сүлд-2022” морин аяллын багт ямар хүмүүс багтав?
-Дэлхийн хамгийн урт өртөөчилсөн морин аяллыг Veloo сангаас санаачлан зохион байгуулсан юм. 84 хоногийн хугацаанд үргэлжилсэн хандивын морин аялалд дэлхийн өнцөг булан бүрээс хүүхдийн төлөө гэх сэтгэлээрээ нэгдсэн хүмүүс оролцлоо. “Хөх чонын сүлд-2022” морин аяллын багийн гишүүд бол миний амьдралдаа уулзаж байсан хамгийн их урам зориг хайрласан хүмүүсийн нэг байсан. Шөнө, өдөр, цаг агаарын байдлаас үл хамааран морин аялал хийх сорилтыг даван туулахын тулд аялагчид маань сэтгэлийн хаттай байх хэрэгтэй.
Манай багийн гишүүд энэ аялалд нэгдэхийн тулд гурван сарын ажил, амьдралаа ардаа орхих зэрэг золиос гаргасан маш шийдэмгий, хүчтэй, тууштай хүмүүс. Бидний морин аяллын гол зорилго нь Улаанбаатар хотын эмзэг бүлгийн хүүхэд болон тэдний гэр бүлийг эсэн мэнд амьдрахад нь дэмжлэг үзүүлдэг Veloo санд хандив босгох байв. 84 хоног үргэлжилсэн аяллын туршид бид 124,000 гаруй ам.доллар цуглуулаад байна. Хандивыг “Нарны Хүүхдүүд” цэцэрлэгийн үйл ажиллагаанд ашиглана. Бид бүгд энэ мөнгийг цуглуулахын тулд маш шаргуу ажилласан. Хийсэн зүйлээрээ, багийн гишүүдээрээ бахархаж байна.
-Таны хувьд аяллын үеэр “соёлын шок”-нд орох, таны анхаарлыг хамгийн ихээр татсан зүйл юу байсан бол?
-Хамгийн том соёлын шок монгол адуу унаж сурсан явдал байв. Би Канадад багаасаа морь унаж өссөн хүүхэд. Гэхдээ эндэхийн морь унах арга барил өөр санагдсан. Монгол орноор морин аялал хийх сонирхолтой болсон бас нэг шалтгаан нь Монголын адууны соёл, уяачдын өв, уламжлалын талаар суралцах хүсэлтэй байсан юм. Өмнө нь би өөр улсуудад очиж морь унаж, морин аялал хийж байсан. Өөр өөр соёлоос суралцах, туршлага судлах, эх орондоо авчрах зүйл их байгаа гэдэгт би итгэдэг. Хамт аялсан Монголын баг, малчдаас морь унах, арчлах, уяа сойлгох ухаанд суралцсандаа маш их баярлаж байна.
Мөн Хөвсгөлд очоод цаатан буюу тайгын иргэдийн амьдрал ахуйтай танилцсан үе одоог хүртэл үлгэрийн мэт мэдрэмж төрүүлдэг. Цаатнуудын өвөрмөц амьдрал ахуй, цаа буга ид шид мэд санагдаж байна. Тэдэнтэй хамт байхад би амар амгаланг мэдэрсэн.
-Тэгвэл дасан зохицоход хэцүү зүйл нь юу байв?
-Цаг агаарын эрс тэс үзэгдэлд дасан зохицоход хэцүү байсан шүү. Ганцхан өдрийн дотор цаг агаар ямар хурдан, огцом өөрчлөгдөж байгаад эхэндээ итгэж өгөхгүй, дасан зохицож чадахгүй байсан. Бид аяллаа тавдугаар сарын 2-нд эхлүүлсэн бол гуравхан хоногийн дараа буюу тавдугаар сарын 5-нд цасан шуурга болсон.
Энэ мэт цас, бороо, мөндөр орох, цасан шуурга болох, аянга цохих, элс шуурах зэрэг цаг агаарын бүх үзэгдэлтэй таарлаа. Канадаас ирсэн болохоор өөрийгөө цаг агаарын ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай гэж бодож байсан хэдий ч Монголын говийн халууныг даван туулахад маш хэцүү байсан шүү. Аяллын үед би хэт халуунаас болж хүчилтөрөгчийн дутагдалд орсон. Ийм тохиолдолд анхны тусламж үзүүлэх тусламжийн машин байнга хамт явж байдаг болохоор багийн гишүүд маань эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй авч байсан.
-Морин аялалд гарахаасаа өмнө Монгол хатны зургийг шуун дээрээ шивүүлсэн байсан.
-Гурван сарын морин аяллаа яагаад шинэхэн шивээсээр эхлүүлж болохгүй гэж бодсон. Тэгээд Улаанбаатарт ирснийхээ маргааш шивээс хийлгэсэн. Сонирхолтой баримт хэлэхэд миний шивээсийг хийж өгсөн авьяаслаг залуу Монголын гайхалтай рок хамтлаг болох The Hu-д зориулж шивээс хийдэг залуу байсан. Үүнийг маш их бэлэгшээсэн шүү.
-Аяллын үеэр “Хөх чоно” гэдэг нэртэй шинэ морьтой болсон байсан.
-Маш урт аялал байсан болохоор бид арван хоног тутамд адуугаа сольж, өдөр бүр өөр өөр адуу унадаг байлаа. Би 7 настайгаасаа эхлэн өөрийн гэсэн морьтой байсан. Ойр ойрхон шинэ морь унах туршлага гоё байсан хэдий ч аяллын турш морио мэдрэх, сэтгэл санааны хувьд нэг түвшинд байх тэр мэдрэмжийг маш их үгүйлж байлаа. Тэгээд нэг өдөр би Жули Велоо, Сара, Баагий нараас (энэ аяллыг зохион байгуулагч, “Horse Trek Mongolia᠌”-гийн үүсгэн байгуулагчид) аяллын үлдсэн хугацаанд надтай хамт байх хүчтэй морь олж өгч чадах эсэхийг асуусан юм. Тэгэхээр тур морь бидний аялалдаа унаж байсан бусад морьдоос илүү урт, хол хугацаанд явах хэрэгтэй болно гэсэн үг.
Баагий гурван долоо хоног орчим эрэл хайгуул хийсний эцэст Blue wolf буюу Хөх чоныг надад олж өгсөн. Нэрийн тухайд эхэндээ миний санаанд өөр олон нэр эргэлдэж байсан хэдий ч манай аяллын нэрээс санаа авч Хөх чоно гэж нэрлэсэн.
Тэр эхэндээ надаас айх, үргэх тохиолдол их байсан. Аяллын турш Blue бид хоёр миний төсөөлж байснаас ч илүү нандин, гүнзгий холбоотой болсон. Би түүнд дурласан. Би багаасаа морь унаж өссөн ч монгол моринд өөрийн уяачийн ур чадвараа сорих үнэхээр мартагдашгүй туршлага байлаа. Тэр бол миний унаж үзэх завшаан тохиосон хамгийн сайхан адууны нэг. Blue бид хоёр аяллаа хамтдаа дуусгасан. Тэр надтай ойролцоогоор 1400 км замыг туулсан. Түүнийг Канад руу авч явж чадахгүй учир Монголд үлдээсэн. Салах ёс хийхэд маш хэцүү байсан.
-Монголыг зорин ирэх гэж байгаа жуулчдад ямар зөвлөгөө өгөх вэ?
-Монгол аялах гэж байгаа бол тэсвэр, тэвчээртэй байх хэрэгтэй. Тэгвэл чи хөгжилдөж чадна гэж зөвлөмөөр байна. Монголд аялснаар амьдралынхаа цагийг сайхан дурсамжийг бүтээж, хамгийн эелдэг хүмүүстэй уулзаж, дэлхийн хаана ч байхгүй сайхан улстай танилцах болно.